top of page
Writer's pictureGaruna publishing

Үхэл гэж юу вэ? Та үхлээс айдаг уу, айх ёстой юу, үхлийн дараа юу болдог вэ?

Номын шинэчилсэн найруулгыг цахим хэлбэрээр зөвхөн Mplus-аас уншаарай.

Зарим хүмүүс аалз, жоом, хулганаас айдаг. Зарим нь өндрөөс айна. Яагаад ч унахааргүй бэхэлгээтэй хэрнээ л, өөрт нь ямар ч хор хүргэхгүй гэж мэдсээр байж л айгаад байдаг.

Нэгэнт тийм айдсыг мэдрэх нь өөрөө яалтай ч билээ. Тийм үед юу ч гэж хэлж тайлбарлаад нэмэргүй. Гэхдээ тийм айдсыг ямартай ч "зохисгүй эмоц" гэж дүгнэж бол болно. Айсан нь бол үнэн, гэхдээ тэр нь зохисгүй айдас.

Тэгвэл яагаад зохисгүй вэ? Эсрэгээрээ зохистой айдас гэж юуг хэлэх вэ?


Аливаа нэг айдас зохистой байхын тулд тодорхой нөхцөлийг хангасан байх ёстой гэж би боддог юм. Тодорхой хэлбэл дараах 3 нөхцөл хангагдсан үед тэр айдсыг би зохистой эмоц мөн гэж үзнэ.

1. Айж буй зүйл чинь ямар нэг муу зүйл байх ёстой.


"Би орой гэртээ очоод зайрмаг иднэ гэхээс үхтлээ айж байна" гэж хэн нэг нь хэлбэл надад энэ ямар ч утгагүй, зохисгүй гэж санагдана. Учир нь энд ямар ч муу зүйл алга. Зайрмаг идэх чинь сайхан л зүйл биз дээ? Аа харин "Би уул нь жингээ бариад бүтэн сар болж байгаа юм. Гэтэл одоо гэртээ харьсан чинь хөргөгчинд зайрмаг байж харагдаад, тэгээд би тэрийг тэсэлгүй идчихвэл яана аа гэхээс үхтлээ айж байна" гэвэл өөр өө. Энэ тохиолдолд бол муу зүйл байна аа. Хичээл зүтгэл нь талаар болбол ямар сайн байх вэ. Тиймээс би үүнийг нөхцөлийг хангасан зохистой айдас гэж үзнэ. Аалз, жоомноос айх бол яаж ч бодсон энэ нөхцөлийг хангахгүй. Үгүй дээ л Монголд лав хүнд муу юм хийхээр хортой аалз, жоом гэж байхгүй. Байсан ч тэр нь тантай тааралдах магадлал бараг 0 шахуу. Гэхдээ тэр нь хоёр дахь нөхцөл рүү орно. Жоом хараад дотор эвгүйрхэж болно, гэрт нь үүрлэсэн байна гээд уурлаж ч болох юм. Харин айх бол утгагүй.


2. Айж буй зүйл өөрт чинь тохиолдох магадлал багагүй байх ёстой.

"Би харь гарагийн хүмүүст олзлогдоод туршилтанд орж, яргалуулж үхнэ гэхээс өдөр бүр айдаг" мэтийн айдсаар нэг их өөрийгөө шаналгах шаардлагагүй гэж бодож байна. Яах вэ, яргалуулах бол мэдээж муу зүйл мөн л дөө, гэхдээ магадлал нь бараг л 0-тэй тэнцүү. Үүнтэй адилаар 20-иод насандаа, 30-аад насандаа үхчихвэл яана аа гэх мэтээр айх нь бараг л илүүц болов уу (мэдээж өнөө цагийн Оросод төрчихөөгүй бол шүү дээ). Энэ талаар статистик судалгаа хараарай. Харин шинэ жилээр архидаж яваад хөлдөөд үхчихвэл яана аа гэж айхыг би туйлаас зохистой гэж үзээд зогсохгүй маш сэрэмжтэй байхыг зөвлөмөөр байгаа боловч, ахиад жаахан энэ талаар нухацтай бодож үзвэл ганц хоёр эргэлзээтэй асуудал бий тул түр хойш нь орхиё.

3. Айж буй зүйлд чинь тодорхой бус хүчин зүйл байх ёстой.


Энэ нөхцөл нэлээд адармаатай. Гэхдээ сайтар эргэцүүлж үзвэл эцсийн бүлэгт таныг надтай санал нийлэх байх аа гэж найдаж байна. Жишээ нь бие физиологийн онцлогоосоо болоод архи уухаараа гарцаагүй шартдаг хүн байжээ гэж бодъё. Тийм хүн яг одоо миний өөдөөс шинэ жилийн хундага өргөж зогсохдоо "Маргааш шартана гэхээс л айгаад байна" гэж хэлбэл надад нэг л тийм учир битүүлэг санагдана. Тэртэй тэргүй л шартдаг юм байж тэгэн тэгэн хундага өргөх ямар хэрэг байна аа? Нэг бол зүгээр л уухаа больчихно биз. Эсвэл уумаар байгаа бол шарталттайгаа эвлэрэх ёстой биз дээ? Шартдаг нь 100% баталгаатай бол шүү дээ. Аа харин хааяа шартдаг хүн байвал ойлгож болно оо. "Маргааш шартах болов уу, яах бол? Шартахгүй бол сайн сан. Шартах юм бол харин ёстой алингаа алдана даа" гээд айж байгаа хүнд тодорхой бус хүчин зүйл байгаа тул үүнийг би зохистой айдас мөн гэж хэлнэ. Учир нь энэ айдас дээрх 3 нөхцөлийг бүгдийг хангаж байна. Шартах бол муу зүйл нь үнэн, өвддөг юм чинь ямар олиг байх вэ. Бас тэр шарталт өөрт ирэх магадлал хангалттай өндөр. Тэгээд эцэст нь яг шартах эсэх нь бүрэн тодорхойгүй байна.

Эдгээр 3 нөхцөлийг хангасан айдсыг л би зохистой айдас мөн гэж хэлмээр байгаа юм. Гэхдээ үүн дээр "Ямар нэг айдсыг мэдрэх" болон "Тэр айдас нь зохистой айдас мөн эсэх" хоёрыг ангилж салгах ёстойг энд дахин сануулъя.

За тэгэхээр энэ хүртэл хэрэв та надтай санал нийлж чадсан бол одоо үндсэн сэдэв рүүгээ оръё гэж бодож байна.

Миний харахад ихэнх хүмүүс үхлээс айдаг. Учир зүггүй л айгаад байдаг. Гээд яахав, нэгэнт мэдрэгдээд байгаа юмыг яалтай билээ. Гэвч, дээрх ангилалтын ачаар бид өөрсдийнхөө тэрхүү үхэлд хандах айдсаа зохистой айдас мөн эсэх талаар эргэцүүлж болно гэж санагдана.


Үхлээс айх айдас дээрх 3 нөхцөлийг хангах уу? Үүнийг сайтар эргэцүүлснийхээ дараа та дахин нэг үхэлд хандас айдастайгаа нүүрэлдээд үзээрэй. Магадгүй бага зэрэг ч болов чанарын өөрчлөлт гарах ч юм билүү.

Нөгөө талаар бид үхлийн чухам яг ямар шинж чанараас нь айгаад байдгаа сайтар эргэцүүлэх хэрэгтэй.

Үхэл гээч юманд хэд хэдэн онцлог шинжүүд бий.


Жишээ нь үхэлд гарцаагүй ирнэ гэх шинж бий. Үхэл хүн бүрт гарцаагүй ирдэг. Тэгснээ яг хэзээ ирэх нь тодорхойгүй байдаг. Мөн бид үхсэнийхээ дараа амьдардаггүй, харин амьдарсныхаа дараа үхдэг. Үхэл хүн бүрт харилцан өөр хугацааны дараа ирдэг. Зарим нь 80 наслаад үхэж байхад, зарим нь 8 сар ч бололгүй яваад өгдөг. Бас хэн ч өөрийгөө хэзээ үхэхээ мэддэггүй. Тэр бүү хэл цаазын ял сонссон хүн ч мэдэхгүй (сонирхуулж хэрүүл өдөхөд, үхэл хэзээ ирэх нь тодорхойгүй болон хүн бүр өөр өөр насалдаг хоёр бол тусдаа шинжүүд юм. Юу гэхээр, хүн бүр өөр өөр насалдаг мөртлөө хэзээ үхэх нь яв цав тодорхой байхаар үхлийг програмчилж болох л байсан).


Энэ бүх шинжүүдээс чухам аль нь бидний айж явдаг жинхэнэ шалтгаан юм бол?

Дэлгэрэнгүйг номоосоо тухлан уншаарай. Философидох гэж яахыг хэлдгийг энэ ном танд яруу тодоор зааж өгнө.






Comments


bottom of page