top of page
Writer's pictureGaruna publishing

Хэвлэлтээс гараад дөнгөж 7 хонож байгаа номын уншигчаасаа анхны сэтгэгдлээ авсандаа баяртай байна ..



Саяын амралтын өдрүүдэд болсон Номын Баяр үзэсгэлэн худалдаан дээрээс авсан хэдэн номнуудаасаа хамгийн эхний ном Жолоодогч-ийг уншаад дуусгалаа.


Гаруна хэвлэлийн асар дээрээс худалдаж авсан эл номыг ТОМё БОДё япон хэлнээс орчуулсан бсан тул ямар ч эргэлзэх тээнэгэлзэх зүйлгүйгээр бараг л нүдээ аниад л авсан юм. Учир юу хэмээвээс мань хүнийг зүгээр ч нэг замын номыг шүүрч аваад орчуулчих хүн биш гэдэгт итгэлтэй байсан болоод тэр л дээ. Худалдаж авсан даруй сөхөж үзвээс зохиолын гол баатар хэмээх хэгжүүндүү нөхрийн хэн нэгэнтэй харилцсан яриа өрнөсөн диалогиуд нүднээ дурайх нь тэр. Яг л ТОМё БОДёгийн өмнө нь орчуулсан Ад Үзэгдэх Зориг хэмээх номын стилиэр бичигдсэн мэт санагдсан тул бүр ч олзуурхав.

За ингээд оршил юугаа өндөрлөөд энэхүү номыг унших явцад анхаарал татсан түлхүүр үгсэд төрсөн сэтгэгдлээ хуваацъю.


1️⃣ "Эерэг хандлагатай байцгаая"

..."Байцгаая гээд л эерэг болчихдог бол хэн шаналдаг юм" /16-р тал/

Нууцгүй хэлэхэд энэ номыг эхлүүлж байх үеийн миний өөрийн нөхцөл байдал гол дүр болох хүүрнэгч этгээдийн байгаа байдлаас нэг их дээрдээд бх юмгүй шахуу юм шиг санагдаж байлаа. Нэг талаас итгэл алдсан хамтрагчтайгаа харилцаагаа цааш үргэлжлүүлэх үү, үгүй юу гэдэг дээрээ тулчихаад сэтгэлээр уначихсан, нөгөө талаас шинээр орсон бизнестээ амжилт олох нь битгий хэл алдагдалтай явсаар жил тойрон болчихоод байдаг. Цаашдаа амжилт олно гэдэгтээ эргэлзсэн байдалтай, өөрөөр хэлбэл гэр бүлийн болоод санхүүгийн хувьд бүүр шалдаа орчихоогүй ч тун чиг эгзэгтэй үе дээрээ ирчихсэн ийм л гутранги байдалтай байснаасаа болоод бараг л өөрийнхөө тухай уншаад байгаа мэт л байлаа.

За тэгээд "Ишш, энэ нэг юмны байж байгааг, надтайгаа адилхан нөхөр үү" гэсэн шүү юм бодоод уншаад явж байтал дээрх үгнүүд гарч ирдэг юм бна. Шууд л "Хэцс, ёстой нээрээ тэгдэг бол ч ..." гэсэн шүү юм бодлоо.

Хүн бүрийн хувьд бүгд л надтай адилхан байхгүй нь мэдээж хэрэг ч том зургаар нь энэ улс орны байгааг харахын бол нийгэм тэр чигээрээ хар мэдээнд живчихсэн, амтай болгон л нүүрсний хулгай, Төмөр замын хэрэг, ХБ, БЗС-аар эхэлсэн том жижиг бөөн сангуудын луйвруудын талаар ярилцаж, чихтэй болгон ар араасаа тасралтгүй урсах хар мэдээгээр бөмбөгдүүлж байгаа нь үнэн шүү дээ. Дээр нь утаа, түгжрэл, үнийн өсөлт гээд өдөр тутмын амьдралд минь бодитойгоор тохиолдож байгаа энэ их асуудлууд дунд яаж ӨӨДРӨГ амьдрах вэ дээ. Ядаж байхад ирээдүйдээ итгэл алдарснаас болоод залуус нь олноороо гадагш гарсан, гарахыг хүсэмжилж буй ийм нийгэмд хэрхэн ӨӨДРӨГ байхыг хэлээд өг дөө гэж асуумаар болсныг яана.

Номоо уншиж эхэлж байхдаа би яг л хүүрнэгч шигээ ийм л гутранги, дотор нь харласан амьтан байлаа.


2️⃣ "Та азтай хүн үү, аль эсвэл..." /40-р тал/

Нээрээ би АЗТАЙ хүн үү?

"Элдвийн сугалаа хонжвор гээч юманд ёстой АЗГҮЙ ёндоогүй хүн дээ, би чинь" гэсэн шүү юм бодон номоо хаачихаад өнөө гутранги хүн чинь өнгөрснөө нэхэж, дурсамжаа сөхлөө.

Өнөө улиг болсон "Хүн болж төрөх чинь зүүний үзүүр дээр будаа тогтохын дайтай АЗ шүү" гээл уянгын халил хэлээд л толгой сүүл холбохгүйгээр бодитоор үнэнтэй нүүр тулж байгаад хэлье л дээ.

Учиргүй АЗТАЙ нь лав би биш. Байдаг л нэг хүмүүн. Амьдрал маань эв энгийн. Хүүхдүүд маань эхнээсээ бие даагаад амьдарч бгаа нь амьдралын маань гэрэл гэгээтэй хэсэг минь. Санхүүгийн хувьд АЗ од нь гийгээд цэцэглээд ахуйдаа санаа зовохооргүй болтлоо тасарчихсан юм үнэндээ л алга. Харин ч сүүлийн үед урьд өмнөхөөсөө дордчих гээд байгаа. Гэр бүлийн хувьд дахин итгээд цааш явах уу эсвэл бүр цэглэх үү гээд шийдэн ядаж байдаг. Санааг минь чилээсэн асуудлуудлаа бодохоор өнөөх "...аль эсвэл.." гэдэгт нь ч орох ч юм шиг.


Ер нь ингэхэд АЗ гэж юуг хэлдэг юм бэ?

Гэнэтийн зүйл үү, эсвэл төдийгөөс өдий хүртэл амьдарсан амьдралын маань чанарын үзүүлэлтийн нэг үү?

Байз, байз ... нээрээ...


Тээр жил гэр бүлээрээ хөдөө аялж явахдаа нээх том том дусалтай нартай бороо орж, солонго татсан маш гоё байгалийн үзэгдэлтэй таарсан сан. Нарны гэрэлд сийрэгхээн хаялсан тэр бороон дуслууд дэндүү тансгаар гялалзан гялтганаж гайхамшигтай үзэсгэлэнтэй харагдсан сан... Бид бүгд л алмааз мэт гялалзах тэрхүү бороон дуслуудыг алган дээрээ тосч, баясан хөөрч, зуны нимгэн хувцсыг маань нэвтлэн нуруун дээр минь унах дуслуудад цочирдон уулга алдаж, баясан гүйлдэж бсан сан. Урьд өмнө нь хэзээ ч таарч байгаагүй тийм гайхалтай үзэгдэлтэй таарснаа ямар их АЗ вэ хэмээн баясаж байснаа эргээд дурсахын зуур нэг л мэдэхнээ уруулд минь мишээл тодроод, бодол маань өнгөрсөнд учирсан өөр өөр АЗтай учралуудаар ээлжлэн ээлжлэн солигдов оо.

Их л сонин юм. Бид чинь амьдрал хэмээх цаг хугацааг элээж явахдаа АЗ гэдгийг нэг бол материаллаг байдлаар эсвэл бидний эгог тэжээх нэр алдартай л холбодог болчихоо юу даа.

Гэтэл бага, залуу насанд минь тохиосон АЗууд ихэвчлэн байгальтай холбоотой байгалийн үзэгдэл байсан ч юм шиг. Магадгүй хот газар өссөн над мэтэд голын цөн түрэх, хос тогоруу чанх толгой дээр минь эргэлдэн ганганах, солирын бороо асгарах гэх мэт үзэгдлүүд онцгой содон санагдсаных байж болох л юм.

Тэгэхээр АЗ гэдэг хүн бүрд өөр өөрөөр, магадгүй нас насанд өөр өөрөөр тодорхойлогддог сэтгэгдэл бололтой.

Ийн өнгөрсөн АЗуудаа бүртгэн нэгжин байтал сэтгэлд минь хурсан өнөөх дарамт, бараан толбыг өнөөх нартай бороон гялтганасан дуслууд сэмлэн нимгэлсэн мэт сэтгэл мэдэгдэхүйц хөнгөрсөн байлаа.


3️⃣ "Гэхдээ байна шүү дээ, үнэндээ "аз" гээчид азтай, азгүй гэдэг ойлголт байдаггүй юм" /67-р тал/

Айн, юу гэнэ ээ? За бас юу яриад унав аа?

Дөнгөж саяхан л өөрт тохиолдсон АЗтай учралуудаа эргэн дурсаж, уруул дээр тодорсон мишээл минь арилаа ч гүй байтал бас юу гээчийн юм зохиогоод явчихав аа! Ингэж бодонгуут л мөнөөх мишээл маань эгшин зуур алга болж, оронд нь хөмсөг маань зангирав.

Багаасаа л бид чинь нэг нэгнээ АЗтай, АЗгүйгээр нь дууддаг байгаагүй биш билүү. Шалгалтанд уншсан, давтсан сэдэв маань таарвал ямар их АЗтайгаа гайхаад л, харин яг алгасаад орхичихсон сэдэв таарчихвал АЗгүй заяагүйдээ гонсойж сэтгэлээр унаад л. Тэр ч байтугай бүтэлгүй нэгэндээ "АЗгүй тахиа" гэдэг нэр өгөөд л, үгүй нээрээ тийм л байсан биз дээ. Тэгсэн энэ зохиолч гэх нөхөр тийм ойлголт байдаггүй юм аа ч гэх шиг...

Гэхдээ нээрээ мөнөөх АЗтай мөчүүдээсээ эргээд дурсвал тийм явдал тохиолдсон нь миний, бидний АЗ байсан болохоос тэдгээр үйл явдлууд тохиогоогүй бол АЗгүй гэж яагаад ч хэлэхгүй нь мэдээжийн юм байна шүү. Шалгалтан дээр мэддэг ганц сэдэв маань ирвэл АЗ, харин огт давтаагүй, ойлгоогүй сэдэв ирвэл одоо яая гэхэв, хүртэх ёстойгоо л хүртэж.

Хмм, урьд өмнө нь энэ тухай огт бодож байгаагүй юм байх чинь. Сонирхолтой байх чинь вээ.

АЗтай гэж бодсон тэр үеүд яриангүйгээр бидний амьдралын жаргалтай мөчүүд байдаг юм байна. Хожим хойно нь тэр үеүдээ эргээд бодохын төдийд бидэнд ахин жаргалтай мэдрэмж төрдөг юм байна.

Ингээд бодохоор бид чинь яасан ч мартамхай юм бэ дээ. Бас яагаад ч юм дандаа сүүлийн мэдрэмж, сэтгэгдэлдээ дэндүү гүнзгий автаад урьд өмнөх АЗтай, жаргалтай олон олон мөчүүдээ эгээрчихдэг байдаг юм байна шүү дээ.

Ямар АЗаар яг цагийг нь олж энэ номыг уншив аа 🙂


/ТӨГСГӨЛ/

ТОМё БОДё-д

Номоо уншиж дуусаа ч гүй байхдаа өөрт тулгараад байсан хамгийн бэрхшээлтэй асуудлаа эерэгээр шийдвэрлэсээн.

Гэр бүлийн харилцаанд минь үүсээд байсан асуудлаа хоёулаа илэн далангүй ярилцаад, хэн нэгнээ зуун хувь буруутгалгүй, аль алиныхаа гаргасан алдааг уучилсан юм. Нэгнээ уучилмагц сэтгэл хөнгөрч, урьд өмнийн жаргалтай мөчүүдээ хамтдаа дурссаан. Бидний хамтдаа туулсан амьдралд маань АЗтай, ЖАРГАЛтай үеүд төсөөлж байснаас ч их байсныг, хоёр биенээ гэсэн ХАЙР хараахан мөхөөгүй болохыг хоёул ойлгосон юм.


Нэг асуудлаа ӨӨДРӨГ гэгээлгээр шийдвэрлэнгүүт нөгөө асуудал маань жижигхээн мэт болдог юм байна. Ямартай ч асуудлынхаа ард нь гарнаа гэх ИТГЭЛ төрсөн.


Эцэст нь хэлэхэд яг цагаа олж миний гарт ирсэн энэ ном надад үнэхээр АЗ авчирсан юм.

Тэр АЗыгг гарт минь атгуулсан энэхүү номны орчуулч ТОМё БОДё - доо маш их БАЯРЛАЛАА.

Улаанбаатар хот 01/06/2023


ЖИЧ: Номоо Номын Баяраар аваад, Хүүхдийн Баяраар уншиж дуусгачихаад багыгаа дагуулаад гурвуулаа гадуур АЗ ЖАРГАЛтайгаар жаал тэнэлээ.


ТОМё БОДё

Garuna publishing

@Жолоодогч




Comments


bottom of page