top of page
Writer's pictureGaruna publishing

ФИЛОСОФИ ШИНЖЛЭХ УХААН бас бус... 🏆🏆🏆

FB group: Судар эгшиглэн төсөл

#Номын_тэмдэглэл Мөнххаан сум. ЕБС-ийн багш Д.Батдулам /FB: Batdulam Doltson/


"Энэ онол бол шинжлэх ухаанаар батлагдсан" - гэдэг үгийг сонсоод бид түүнийг "ЗӨВ" гэдэгт итгэдэг, үнэн гэж ойлгодог. Харин энэ номыг уншвал таны шинжлэх ухаанлаг баталгаанд итгэх итгэл ганхаж мэднэ шүү гэдгийг эхлээд хэлье ээ.Шинжлэх ухааны тэр олон баталгааных нь хаа нэгтээ алдаа байсан бол яах вэ?.. Яг зөв үү?..

Философи бол "Зөв гэж юуг хэлэх вэ?" гэсэн асуулт тавьдаг мэдлэгийн салбар. Энэ номд "шинжлэх ухаанлаг зөв"-үүдийн талаарх маш сонирхолтой, бас санаанд оромгүй сэдвүүдийг хөндөн оруулсан байна. " Харьцангуйн онолоос эхлээд бүхий л шинжлэх ухааны онолууд эцэстээ зүгээр л эвтэйхэн тайлбарлах оролдлогууд байсан юм уу? "Ямар нэг өнгө яагаад тийм өнгөтэй харагддагийг шинжлэх ухаанаар яагаад ч тайлбарлаж чадахгүй гэнэ ээ?!... гэх мэтээр философи талаас нь "шинжлэх ухааны үнэн"-үүдийг саатуулж байцаагаад байвал үнэндээ тэдгээр нь сэжиг бүхий мэт санагдана. Өдий хүртэл гүн бат итгэж байсан тэр дүр зураг, ойлголт гэнэт саармагжин сарнихыг мэдрэх тэр мөч... Бас л сонин...


Шинжлэх ухааныг хүний тархи угаах зэвсэг болгохгүйн тулд, шинжлэх ухааныг шашин болгохгүйн тулд бид өөрсдөө шинжлэх ухаанаа гадарладаг байхгүй бол болохгүй! " БҮХИЙ Л ОНОЛ БАТЛАГДАХ БОЛОМЖГҮЙ ЗҮЙЛЭЭС ЭХЭЛДЭГ." Евклидийн геометр. Евклид эхлээд 5 аксиом тодорхойлж, тэдгээрээ хооронд нь холбож ашигласаар геометрийн өдий төдий шинж чанаруудыг нээн олжээ.Аксиом гэдэг нь "батлах ямар ч шаардлагагүй илэрхий үнэн шинж"-ийг хэлнэ. Жишээ нь параллель шулууны аксиом. Гэхдээ аксиом илэрхий үнэн гэх боловч, батлагдаагүй гэдгийг мартаж болохгүй. Иймээс Евклидийн геометр батлагдаагүй үнэнийг суурь болгосон гэсэн үг. Тиймээс хэзээ нэгэн цагт ердөө л ганц зөрчилтэй теорем олдвол түүний шууд шалтгаан нь анхны 5 аксиом руу шилжих тул энэ онолын систем бүхлээрээ нуран унаж болзошгүй.. гээд л...


"Хэрчим" гээч юм харж байсан уу? "Харж байсан" гэх хүмүүсээс "Тэгвэл яг одоо надад харуулаач" гэе. "Ядах юмгүй" гээд цаасан дээр зурж үзүүлнэ. "Хөөе! Наадахаа сайн хар. Өргөнтэй байгаа биз? Тэгэхээр наадах чинь яаж хэрчим байх юм?" гээд тархин дундуур нь татаад авбал яах вэ? Үнэн хэрэгтээ үнэхээр л тийм! Хэрчим гэгчийг хэн ч харах боломжгүй.


Философи бол бодит амьдралд хэрэг болохгүй. Тэгвэл яагаад философиддог юм бэ? Хариулт тодорхой! Сонирхолтой болохоор тэр! Тэгвэл яагаад зарим хүмүүс философиддоггүй юм бэ? Хариулт мөн л тодорхой! Сонирхолтойг нь мэдэхгүй болохоор л тэр!


Зохиолч номоо философийг мэдэхгүй хүмүүс ч уншаад "СОНИРХОЛТОЙ!" гэж дуу алдахаар сэдвүүдээр дүүргэсэн бөгөөд, "Хоолоор яривал философийн хамгийн амттай хэсгүүдийг түүж аваад чанасан халуун тогоо л гээд бодчих. Сонирхолтой санагдсанаас нь савхдаад идэх, бүгдийг нь дуустал идэх нь таны хэрэг" хэмээснийг уншаад, "Яасан омог бардам, өөртөө итгэлтэй юм бэ?" гэж бодогдсон ч номыг уншиж дуусаад "Ингэхээс ч аргагүй юм байна" гэж хүлээн зөвшөөрч билээ. Энэ хоол шиг номын орцод "Харьцангуйн онол", " Хаосын онол", "Квант механик", " Энтропи өсөх хууль", "Сарнидаг бүтцийн онол", "Тодорхойгүй зарчим" гээд л есөн шидийн амтлагч орсон бөгөөд зарим үед хэл ам дарвигнуулан түлчих шахан, заримдаа чихэр хүлхэх мэт таатайхан мэдрэмж авч, амтархан таашаан уншлаа даа.


Энэ ном таны ердийн ойлголт, ертөнцийг үзэх үзэл, харах өнцгийг тань савлуулж, философийн мөн чанарыг мэдрүүлэх болно.

Эцэст танд нэг асуулт үлдээе!


"Хиймэл оюунаар сэтгэл бүтээж болох болов уу?" 
Энэ номыг заавал уншаарай!



Opmerkingen


bottom of page