top of page
Writer's pictureGaruna publishing

Китава Ясүшигийн “Жолоодогч” номын тухай ...



Уншигч танд нэг асуулт тавья. Та өөрийгөө хэр азтай хүн гэж боддог вэ? Хүн бүр л бага балчир ахуйдаа аз гээчийг хоромхон зуурт гарч ирээд амьдралыг орвонгоор нь өөрчлөх хүчтэй эд хэмээн төсөөлдөг байсан болов уу. Яг л номын гол дүр Шүичи шиг. Гэтэл энд гарч буй “аз” тэр л өнгөн хийсвэр ойлголтоос тэс өөрөөр, илүү бодитоор дүрслэгдсэн нь нэн сонирхолтой. Магад түүнээс илүүтэй төөрч будилж яваа хэнд ч болов нэр шигээ “Жолоодогч” нь болж болохыг ч үгүйсгэхгүй. Учир нь эл бүтээл энгийн санагдавч эргэцүүлмээр олон санааг өөртөө багтаажээ.


“ЖОЛООДОГЧ”-ИЙГ ТАНИЛЦУУЛАХ НЬ ...

Өдгөө 53 настай зохиогч Китагава Ясүши “Жолоодогч” номоо 2019 онд олны хүртээл болгож байжээ. Аз, хувь тавилангийн тухай сонирхолтой өгүүлэмж бүхий тус номыг орчуулагч ТОМё БОДё эх хэлнээ хөрвүүлэн, Гарүна паблишингийн хэвлэлтээр уншигч танд хүргэж буй нь энэ юм. Орчуулагч уг номыг "Гоё юм бодоод явахаар л бүх юм гоё болчихно мэтийн хаа сайгүй тааралддаг усан сургаалыг харах бүрдээ огиудас хүрдэг ч чухам яагаад гэдгээ эвтэйхэн илэрхийлэх гэхээр нэг л болдоггүй хүмүүст зориулах ном” хэмээснийг уншиж дууссаны дараа бүр ч сайн ойлгох вий. Үйл явдлын тухайд 40 гарч яваа Шүичи хэмээх залуугийн амьдралыг харуулах бөгөөд тэрээр ажилдаа ч, амьдралдаа ч олон төвөгтэй асуудлаар хүрээлүүлсэн тун ч азгүй нэгэн. Нэгэн өдөр гэнэтийн тохиолдлоор нууцлаг нэгэн такситай таарах нь амьдралд нь эргэлтийн цэг болох ажээ.


“АЗ” ХЭМЭЭХҮЙН ОЙЛГОЛТОО ШИНЭТГЭХ НЬ

Хэрэв тантай “аз авчирдаг” такси таарвал яах вэ? Хүргэж өгөх газарт тань аз тосоод хүлээж байгаа гэвэл итгэх үү? Нэг удаа итгээд үзэхэд алдах юу байх билээ.


Юу ч хийж, яаж ч хичээсэн аз зөвхөн намайг л тойрон зөрөөд байгаа мэт мэдрэмж бид бүгдэд нэг биш удаа төрж байсан нь лавтай. Тэрхэн үедээ “Би яагаад ийм азгүй юм бэ?” хэмээн шаналан шаралхах тохиолдол ч бишгүй. Тэгвэл номд “Аз” гэдгийг дараа төлбөрт хэмээн тодорхойлж, “Азтай байх”-ыг гэнэтийн үйл явдал тохиосноор амьдрал эрс өөрчлөгдөх харалган зүйл бус харин өнөөг хүртэл юу хурааж ирсэн, түүнийхээ үр шимийг хүртэх мөч хэмээжээ. Үнэхээр аз гэдэг бидний хичээл зүтгэлийн үр дүнд ирдэг шагнал юм бол өдийг болтол хичээнгүйлэн амьдарч ирсэн хүн бүр сайн сайхан амьдрах учиртай биш гэж үү?



… Аз гэдэг чинь угтаа бол “азтай”, “азгүй” гэх маягаар илэрхийлдэг зүйл биш байхгүй юу. “Хэрэглэх”, “хураах” гэх ёстой юм. Тийм болохоор эхлээд “хураах” нь байгаад, тэр нь тодорхой хэмжээнд хуримтлагдахаар “хэрэглэх” боломжтой болно. Ямартаа ч эргэн тойрондоо азтай гэж үнэлэгддэг хүн бол цуглуулснаа л хэрэглэж буй төдий юм…


Одоо танд илүү ойлгомжтой болсон байх. Ихэнх хүн азын талаар ойлгохдоо өмнө хийж, бүтээсэн зүйлсээс нь үл хамааран гэнэт л сайхан зүйл тохиолдох явдал гэж төөрөлдөн хүлээдэг. Үнэн хэрэгтээ тэрхүү аз нь өдийг хүртэл хийж ирсэн бүх үйлээс хамаарах бөгөөд түүнээс үүдэн хүн бүхэнд харилцан адилгүй хугацаанд, харилцан адилгүй хэмжээгээр аз тохиох аж. Ингээд бодохоор юу тарина түүнийгээ хураана гэх амьдралын энгийн дүрэм энд мөрдөгдөх бөгөөд “Азтай байхын тулд би яг юу хийлээ?” гэх асуулт эрхгүй урган гарч ирэх вий. Аз гэдэг гийн гэрэлтүүлж эсвэл харьж буцдаг үлгэрийн зүйл бус харин ч дэлгүүрийн урамшууллын карттай адил цуглуулж бас зарцуулдаг ойлгомжтой, логиктой эд гэх. Иймээс азтай байхын тулд гагцхүү аз шүүрдэг антеннаа л тултал нь дэлгээд явбал гудамжаар дүүрэн азын үр хийсэж яваа гэдэгт итгэх хэрэгтэйг энэ номд өгүүлжээ.


БОДЛЫГ ТАНЬ ӨӨРЧЛӨХ ХАРИУЛТУУД

“Уншигч мэдлэг авч байгаагаа анзаарахгүй уншиж байвал тэр хамгийн сайн ном” гэдэг үгийг хаа нэгтээгээс сонсож байсан юм. Энэ бүтээлд өөрийгөө азгүй гэж боддог жирийн нэг эрд тохиосон сонирхолтой түүхээр олон санааг дайж, басхүү өдийг хүртэл санаж явсан цөөнгүй бодлыг өөрчлөх хариултууд багтжээ. Жишээлбээс,

… Ашиг алдагдлын сэтгэхүйгээ тавьж явуулах гээд үз. Өөрт хожоо гарахаар шиг санагдахаараа хөдлөх, хохирчих юм шиг санагдахаараа болих. Тийм хандлага хэтэрхий мэдээжийн шахуу болтлоо танд тогтсон байх гэж бодож байна. Мэдэхгүй зүйлдээ бага зэрэг сэтгэл гаргаад, “сонирхолтой”, “зугаатай” гэж сониучлан анхаарах гээд үзвэл яасан юм бэ?...

Ашигтай зүйлс рүү тэмүүлэх нь угаас хүний зан. Тэр тусмаа зав чөлөөгүй нийгмийн амьдралд аль болох цаг, энергиэ хэмнэн илүү ашигтай байх талаар бодохгүй л бол хүссэн үр дүн, зорилгодоо эс хүрч магадгүй. Номын гол дүр Шүичи ч үүний адилаар ахиухан мөнгө олохын төлөө амьдардаг нэгэн ба өөрийн гэсэн хүсэл мөрөөдөл, алс хэтийн зорилго үгүй явах аж. Сайтар ажиглаад үзээрэй, яг одоо үүнийг уншиж буй та ч бас туйлын хүсдэг зүйлээ хийж чадаж байна уу, бусдаас ашиг хонжоо хайлгүйгээр тэдэнтэй сониучирхан харилцдаг уу? Хэрвээ эргэлзэлгүй тийм гэж хариулж байгаа бол та тун азтай хүн юм. Учир нь ингэж чадахгүй яваа олон хүн бий.



“Хүссэн зүйлээ бодоод л байвал биелнэ гэсэн эерэг хандлага бидэнд хэрэггүй. Харин амьдралдаа тохиолдсон юм бүхнийг миний амьдралд гарцаагүй шаардлагатай учраас тохиолдсон эрхэм чухал туршлага гэж бодож чадвал тэр хамгийн зөв эерэг хандлага аж.”

Дээр өгүүлсэнчлэн байнга өөдрөг, эерэг явбал аз өөрөө таныг олоод ирнэ гэх юм. Харамсалтай нь ажил төрөл бүтэхгүй байхад хэрхэн эерэг хандлагатай байж, хүн бүрд найрсаг хандаж чадах билээ дээ. Ерөөс үргэлж эерэг байна гэдэг чинь өөрөө сөрөг биш гэж үү? Тийм нь ч тийм. Гэхдээ эерэг хандлага гэдгийг юу гэж харахаас л хамаарах юм. Бүтэлгүйтэл эсрэгээрээ эерэг байж болно. Чухамхүү та түүнийг юу гэж хүлээн авахаас л шалтгаална.


БИД БОЛ БУУХИА ЗАЛГУУЛАГЧ


… Сайхан цаг үед төрж дээ гэж санагддаг гэвэл ийм цаг үед төрсөн би ямар азтай вэ гэж бодож болох л байх. Гэтэл тэр чинь санаандгүй хийсэж ирээд, сохор азаар амар жимэр, элбэг хангалуун цаг үед төрчихсөн хэрэг биш шүү дээ. Тийм цаг үеийг тоймгүй их хөлс, цус, нулимс, тэгээд хичээл зүтгэл, хүсэл тэмүүлэл, амь насаар төлж бүтээдэг юм. Тэр бол “байсан” зүйл бус, амь насаар дэнчин тавьж “бүтээсэн” зүйл...


Олон чухал санаанаас энэ хэсэг сэтгэлд жинтэй буув. “Бид бол буухиа залгуулагч”... Төгсөшгүй үргэлжилдэг амьдралын зуурдхан амьдраад буцдаг нэг хэсэг нь. Дээд үеийнхэн маань бага балчир насныхаа амьдралын хэцүү бэрхийг нэхэн дурсаад, өнөө үед төрж өсөж буй биднийг их л азтай хэмээн ярьдаг нь хоосон зүйл биш. Өмнөх бүх үеийнхний цагаан атаархлыг төрүүлэн, дүүрэн боломж дунд амьдарч буй бид харин ирээдүйд үр хүүхдэдээ ийн ярин сууж чадах болов уу? хэмээн өөрийн эрхгүй бодогдоно.




... Энэ нийгмийг би бүтээлцсэн мэт бодол урьд нь хэзээ ч төрж байсангүй. Улс төрчид ч юм уу, ямар нэг том эрх мэдлээр нийгмийг чирч явдаг хэсэг бүлэг хүмүүс ч юм уу, эсвэл харь орны дарамт шахалт, за ер нь мэдэхгүй, нэг тийм нөхдийн гайгаар л ийм нийгэм бий болчихлоо гэдэгт огтхон ч эргэлзэж явсангүй. Тийм ч болохоороо энэ нийгмийг хээв нэг муулж чаддаг байж...


“Ийм цаг үед амьдарч байгаа бид ямар азгүй юм бэ?” гэж хэлэх тийм амьдралыг бид бий болгосоор. Өмнөх үеийнхнийхээ хийж бүтээсэн хөдөлмөрийн ашиг шимээр өдий зэрэгтээ амьдарч байгаагаа “Аз” хэмээн бодож ч үзээгүй байтал дараа үеийнхнийхээ “азгүй” байх нөхцөлийг бид өөрсдөө бүрдүүлж буйгаа анзаарсангүй. Амьдрал биднээр дуусчихгүй гэдгийг, хичээл зүтгэлийнхээ хариуг бусдаас нэхэх бус харин ч эсрэгээрээ харамгүй өгөх хэрэгтэйг, аз гээч зүйлийг хэзээн нэг өдөр ирэхийг хүлээх бус өөрөө бүтээх учиртайг уг ном танд ойлгуулах болно. Төөрч будилж яваа хэнд ч болов энэ ном нэр шигээ “Жолоодогч” болно гэдэгт итгэж байна. Энгийн санагдавч эргэцүүлмээр олон зүйл эл бүтээлд бий.


…Үе үеийн хүмүүс үүрд үргэлжлэх амьдралын урт түүхээс өөрт оноогдсон бяцхаан хэсгийг чадлынхаа хэрээр амьдарч, үүргээ биелүүлж чадвал дараа үе нь өмнөхөөсөө “илүү сайн цаг үе”-ийг өвлөн авна. Харин өнөөдөр бол та тэр урт түүхийг буухиаг залгуулагч…

Эх сурвалж: https://unread.today/c/book-joloodogch

Comments


bottom of page