top of page
Writer's pictureGaruna publishing

Д.ХИШГЭЭ: Төрд өмч байх л юм бол тэнд хулгай, дээрэм тасардаггүй

""Гарүна" хэвлэлийн газрын үүсгэн байгуулагч, Ардчилсан намын үндэсний бодлогын хорооны гишүүн

Д.Хишгээтэй хийсэн ярилцлагаа эдийн засгийн асуудлаар үргэлжлүүллээ.

1990-ээд онд чөлөөт зах зээлийн эдийн засаг руу шилжих шилжилтийг хагас дутуу хийсэн, одоо ч гүйцээгээгүй гэсэн шүүмжлэл явдаг. Энэ талаар?


-1980-аад оны сүүлч, 90-ээд оны эхээр коммунист төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн систем дэлхий даяар нурж унасан. Тэр цагт Монгол Улс Зөвлөлт Холбоот Улсын харьяанаас гарч, ардчилалд шилжсэн боловч эдийн засгаа бүрэн чөлөөлж чадаагүй. 1990, 1992 оны сонгуулиудаар МАХН олонх болж засгийн эрхийг үргэлжлүүлэн барьсан нь дорвитой өөрчлөлт, шинэчлэлт хийгдээгүйн үндэс гэж хардаг. Харин 1996 оны сонгуулиар Ардчилсан Холбоо Эвсэл ялж өмч хувьчлал хийж, гаалийн татвар тэглэж, олон төрлийн үнийг чөлөөлсөн байдаг. Энэ реформ манай эдийн засгийг босгож ирсэн. Гэхдээ дутуу байсан учраас үлдэц нь одоо ч Монголын эдийн засгийг хойш татсаар байна. Тухайлбал, суурь үнэ гэгддэг цахилгаан, дулааны үнэ чөлөөлөгдөөгүй хэвээр. Ингээд үзвэл, Монгол Улс чөлөөт зах зээлтэй улс биш. Харин төрийн оролцоотой эдийн засагтай улс.


Улстөрчид төр томорч байгаа тухай ярьдаг боллоо. Tөр үнэхээр тийм том, нүсэр байгаа хэрэг үү?


Монголын төрд хийдэггүй зүйл, оролцдоггүй салбар гэж алга. Мэдээж төрийн оролцоог нэмэгдүүлж байгаа учир төрийн бүтэц томрох нь ойлгомжтой. Монголын төр маш их данхайсан. Өнөөдөр Монгол Улс 16 яамтай, 22 сайдтай болжээ. Ерөнхий сайд, хоёр Шадар сайд, яам толгойлдог 16 сайд, яамгүй гурван сайд. Үүн дээр дэд сайдууд нэмэгдэнэ. Тэдний хийдэг үндсэн ажил нь эдийн засагт хөндлөнгөөс оролцох, зохицуулах. Мөн хүмүүсийн нэг анзаардаггүй зүйл бол, төрийн өмчит үйлдвэрийн газар байдаг. 1995-2000 онуудад нийт үйлдвэрийн 90 орчим хувийг хувьчилсан байна. Харин 2010 оноос хойш төрийн өмчит компаниудыг ихээр байгуулсан. Өнөөдрийн байдлаар нийт 171 төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүд байна. Санхүүгийн өндөр эрсдэлтэй, өр төлбөрүүд нь хэдэн их наядаар хэмжигдэнэ. Энэхүү өр төлбөр, санхүүгийн өндөр алдагдалаа төсвийн мөнгөөр санхүүжүүлж, эсвэл мөнгө хэвлэх замаар аргацааж байна. Аль аль нь эдийн засагт хор хохирол дагуулж байдаг. Татвар төлөгч бид бизнес хийгээд санхүүгий хүндрэлтэй байдалд орвол шууд дампуурдаг, эрсдэлээ өөрөө хүлээдэг. Харин төрийн өмчийн компаниудад тэрхүү зах зээлийн зарчим үйлчлэхгүй байна. Мөнгө хэвэлсэн нь инфляц үүсгэж хадгаламж болоод бидний халаасанд байгаа мөнгөний ханшийг унагаж байна. Татвараас бүрдүүлсэн төсвийн хөрөнгөөр санхүүжүлсэн ч тэр иргэдийн татвар төлөгчдийн нуруун дээр ачаа нь ирж байдаг. Энд нэг эргэлзээтэй зүйлийг бид мэдэж болно. Зах зээл дээр бизнесүүд ашиггүй ажиллавал үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжгүй болж дампуурдаг. Харин төрийн оролцоотой, төрийн хамаарал бүхий, төр өөрөө хийдэг бизнес хэзээ ч дампуурдаггүй. Бид бизнес хийж татвар төлдөг байтал төр өөрөө бизнес хийгээд харин түүнийхээ алдагдалыг татвар төлөгчдөөр төлүүлж байна. Зах зээлд халдсан, гажуудуулсан ийм нөхцөл байдлыг бид анхааралдаа авч хурдан засаж залруулах ёстой. Шинээр төрийн өмчид үйлдвэрийн газар, хуулийн этгээд байгуулах тоолонд бид анхаарах ёстой. Ер нь бүр шинээр байгуулж болохгүй гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй байна. Төрд өмч байх л юм бол тэнд хулгай, дээрэм тасардаггүй гэдгийг бид өнгөрсөн олон олон төрийн сан, болон банкны дээрэм, тонуулаас харж болно. ЖДҮ сан, Хөгжлийн банкны хэргүүд, нүүрсний хэргүүд гээд дурдаад байвал дэндүү олон.


Тэгвэл төр яаж, яг ямар байдлаар эдийн засагт оролцож байгаа юм бэ?


Төр үнэ барьж байна, тусгай зөвшөөрлөөр бизнесүүдийг хорьж байна, бизнес эрхлэгчдийн нэг хэсэгт нь татаас, хөнгөлөлттэй зээл олгож чөлөөт өрсөлдөөнийг гажуудуулж байна, төр өөрөө бизнес хийж байна, мөнгө хэвлэж байна. Өмнө хэлсэнчлэн ер нь төрд хийдэггүй зүйл тун цөөхөн үлдэж.



Та төр үнэ барьдаг гэлээ. Энэ сэдвийг дэлгэрүүлж ярьж өгөхгүй юү?


Эрчим хүч, дулаан, нийтийн тээврийн үнийг төр одоо ч хүчээр барьж байна. Үр дүн нь хомсдол. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн цахилгаан хязгаарлана гэдгээ зарласан. Бид буцаад 1990 он руугаа очиж байх шиг. Шалтгаан нь их энгийн. Төр эрчим хүчний үнийг хүчээр барьдаг учраас хувийн хэвшил энэ салбар руу ордоггүй. Энэ салбарын төрийн өмчит компаниуд үйлдвэрлэсэн эрчим хүчээ өртгөөс нь доогуур үнээр хэрэглэгчдэд борлуулдаг. Үүний нөгөө үр дагавар нь цахилгаан станцуудын элэгдэл. Алдагдалтай ажиллаж байгаа компани, ААН яаж өөрийн техник, хэрэгслээ шинэчлэх юм бэ. Яг үүнийг салбарын мэргэжилтнүүд нь хэлж, сануулсаар л байгаа. Ирэх өвөл нийслэл хот минь хөлдөх вий. Энэ асуудал бодит аюул болчихоод байгаа.


Өвөл болохоор нийслэлийн иргэдэд тохиолддог нэг зовлон нь автобус хүлээж зогсох. Та яагаад нийтийн тээврийн асуудлыг төрийн оролцоотой холбов?


Төр автобусны үнийг 500 төгрөг дээр хэдэн жил барив. Төрийн татаасгүй бол нурж унах салбаруудын нэг бол нийтийн тээврийн салбар. Улаанбаатар хот дотор автобусаар зорчих үнийг төр өөрсдийн хүссэн дүнгээр тогтоочихсон байхад яаж хувийн компаниуд энэ үйлчилгээг эрхлэх юм бэ. Төрөөс татаас авах гэж л ордоггүй юм бол нийтийн тээврийн салбар руу орж ирэх хүн байхгүй. Энэ нь нийлүүлэлтийг бууруулдаг. Тийм ч учраас автобус хүрэлцээгүй, иргэд буудал дээр чиглэлийн автобусаа маш удаан хүлээж зогсож байна шүү дээ. Түүнчлэн нийслэлийн нийтийн тээвэр маш муу ажилладаг нь түгжрэлд сөргөөр нөлөөлдөг. Нийтийн тээвэр нь сайн байсан бол хүмүүс хувьдаа машинтай болох гэж тэгж айхтар зүтгэхгүй шүү дээ.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар түгжрэлийн ч, нийтийн тээврийн ч асуудлыг шийдэхийн тулд метро барих талаар ярьж буй. Ажил хэрэг болгохоор ч явж байж шиг байна. Өнөөгийн нөхцөл байдалд метро манай оронд тохирох шийдэл мөн үү?


Метро барилаа гэж бодоход метрогоор зорчих үнийг нь нийслэлчүүд дийлж чаддаг байх хэрэгтэй. Үгүй бол төрийн татаастай салбар нэгээр нэмэгдлээ гэсэн үг. Хоёрдугаарт, метро барихад цахилгаан станц хэрэгтэй. Монголчууд бид эрчим хүчний хомсдолтой, хомсдолоо Оросоос худалдаж авч нөхдөг. “Метрогоо юугаар ажиллуулах вэ” гээд л асуудлууд ундарна. Эхлээд асуудлаа эрэмбэлмээр байна.


Тэдгээр асуудлаас таны бодлоор нэн тэргүүнд шийдэх ёстой чухал асуудал юу вэ?


-Төрийн өмчит компаниудыг хувьчлах, татварыг бууруулах, төв банкны мөнгө хэвлэлтийг зогсоох. 2023 оны байдлаар төрийн өмчит ААН, компаниудын нийт хөрөнгийн үнэлгээ 59.2 их наяд төгрөгт хүрчээ. Энэ миний санаанаасаа гаргаж ирсэн тоо биш. Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангийн нийтэд дэлгэсэн тоо. Энэ бол Монгол Улсын жилийн ДНБ-тэй ойролцоо, Монгол Улсын Засгийн газрын төсвөөс хоёр дахин өндөр дүн.


Tатварыг бууруулах ёстой тухай дурдсан. Татвар төлөх нь иргэн хүний эрхэм үүрэг гэж боддог. Үндсэн хуулинд ч энэ тухай заалт бий шүү дээ...


-Эрүүл, аюулгүй орчинд амьдрах гэж татвар төлж байгаа юм уу, татвар төлөх гэж амьдраад байгаа юм уу гэдгээ бид сайн бодох хэрэгтэй. Уг нь татвар бага байх тусам бид нарын амьдралд нэмэртэй. Бид орлогоосоо татвар төлнө, гаднаас бараа оруулж ирэхдээ, худалдан авахдаа гаалийн татвар төлнө, өөрийнхөө үл хөдлөх хөрөнгийг борлуулсан гэж татвар төлнө, худалдан авалт болгондоо НӨАТ төлнө. 2022 оны статистикаар Засгийн газрын төсөвт оруулах НӨАТ-ын хэмжээ 3.9 их наяд төгрөг, орлогын татвар 3.8 их наяд төгрөг байсан. Орлогын татварт төлдгөөсөө ихийг НӨАТ-т төлж байна. Монгол ядуу улс. Бид арай л өндөр татварлуулаад байна. Иргэн баян бол улс баян гэдэг үг байдаг. Татварлуулаад байхаар монголчууд яаж баяжих юм бэ. Нэмээд нийгмийн даатгалын шимтгэлийг бараг л татвар гээд хэлчихэд буруудахгүй. Жижиг, дунд бизнес эрхлэгчдээс асуугаад үзээрэй. Хамгийн их гай болж байгаа татварууд бол НӨАТ болон НДШ.


Төв банкны тухай дурдсан. Төв банкийг яагаад буруутгав?


-Зээл авахыг эс тооцвол төрд мөнгөтэй болох хоёр л арга зам бий. Нэг нь татвар авах, нөгөө нь мөнгө хэвлэх юм. Засгийн газар нь татвар аваад, төв банк нь мөнгө хэвлэдэг. Манай төр энэ хоёр аргыг хоёуланг нь гарамгай хэрэгжүүлдэг. 2016 оны арванхоёрдугаар сард 12 наяд төгрөгөөр хэмжигдэж байсан М2 мөнгөний нийлүүлэлт 2023 оны арванхоёрдугаар сард 37 их наяд төгрөгт хүрлээ. Үр дүнд нь үнийн инфляци нэмэгдэж, төгрөгийн худалдан авах чадвар суларч, төгрөгөөр хийгдсэн хадгаламж, хуримтлал төдий чинээ үнэгүйдэж байна.


Comments


bottom of page