top of page
Writer's pictureGaruna publishing

Хэрвээ та гуниглавал… (Гэхдээ жаахаан л урт шүү, ккк)

Китагава Ясүши хэмээх зохиолчийн “Жолоодогч” номыг өөрийн хэлнээ ТОМё БОДё орчуулагч хөрвүүлсэн нь хэвлэлтээс гараад удаагүй шинэхэн ном гэж хэлж болно. Үүнийг унших явцад маш хөөрхөн зүйл бичигдсэн байсныг хуваалцъя. Зохиолч ийм санаа агуулсан эсэхийг мэдэхгүй л дээ. Гэхдээ би л лав гуниглаж, оршихуйн хямралд орохоороо яг энэ жишээг бодож явбал сэтгэлд дэмтэй гэж бодлоо.


Таны иддэг ганц аяга будааг гаргаж авахад юу шаардлагатай вэ?


Будаа тариалангийн талбайд ургана. Тэгэхээр тариалангийн талбайн хөрс, тэгээд бас тарьж ургуулдаг хүн байхгүй бол будаа ургахгүй. Хүн байлаа ч техник нь байхгүй бол энэ олон хүнд өдөр бүр хүрэлцэхүйц будаа гаргахгүй байлгүй. Гэтэл тракторыг зохион бүтээдэг, бүхнийг хийдэг хүмүүс нь байхгүй бол болохгүй. Дээр нь, тракторыг хийдэг материал болох төмөр, шил хийдэг кварц гээд бүгдийг Хятад, Австрали, Африк гээд гадаад орнуудаас импортолж авдаг. Гэдэг чинь тэдгээрийг уурхайд олборлодог хүмүүс байдаг гэсэн үг. Тэгэхээр усан онгоц хэрэгтэй болно. Усан онгоц үйлдвэрлэгчид ч бас хэрэгтэй гэсэн үг. Тээврийн компаниуд ч бас. Трактор, усан онгоц, уурхайн хүнд машин гээд бүгдээрээ дизелиэр хөдөлдөг. Дизелийг Ойрхи Дорнодын улсууд ч юм уу, Африкт олборлоно. Эдгээрт хамааралтай хүмүүс ч бас шаардлагатай. Ерөөсөө дизель юм уу, бензин гэдэг чинь чулуужсан түлш шүү дээ, өөрөөр хэлбэл эртний амьтад үүсээд, хэдэн тэрбум жилийн турш тасралтгүй үргэлжилсэн амьд байгалийн хэлхээс байхгүй бол болохгүй. За тэгээд цааш нь ганц тагш будаанд шаардлагатай зүйлсийг тоочъё гэвэл дуусахгүй. Хэдэн цаг ч хамаагүй, тоочоод л байна. Ямар ч байсан л ингээд холбоосыг нь хөөгөөд явбал ганц тагш будаа бүх дэлхийтэй холбогдоно. Гэсэн ч дэлхий бүхлээрээ оролцоод ч будаа гарч ирэхгүй. Юу гэвэл нар хэрэгтэй.


Харав уу, ингээд сансар огторгуй руу гараад явчхаж байгаа юм. Гэтэл зөвхөн нар байлаа гээд тариан түрүү хатчихна. Ус бас хэрэгтэй. Тэгвэл хангалттай ус байгаад, ханатал нь нарны гэрэлд шараад байвал будаа гарч ирэх үү? Үнэндээ тэр ч бас хангалтгүй. Нүүрс ус шаардлагатай. Нүүрс усыг амьтад амьсгалаараа ялгаруулдаг болохоор бидний амьсгал хүртэл будаа бүтээхэд оролцдог гэсэн үг. Тийм бодисуудаас нарны энергийн тусламжтайгаар будааг гаргаж авдаг гээд бодохоор үндсэндээ будааны түүхий эд нь нүүрс ус, устөрөгч, хүчилтөрөгч гэх мэт бодисууд болж таарна. Будааг хүмүүс хүнсэндээ хэрэглэж, амьд явах энерги болгон хувиргадаг. Гэдэг чинь эдгээр түүхий эдүүд хүнийг бүтээгээд зогсохгүй хөдөлгөх энерги болдог. Эдгээр бодисууд хаанаас ирсэн гээч?


Хаанаас ирсэн бэ гэвэл, одод нас нь эцэслэхээрээ нэн шинэ олны тэсрэлт хийж, сансар огторгуйгаар нэг цацагдсаны дараа хэлтэрхийнүүд нь нийлээд дэлхий болсон юм. Нэг ёсондоо, бид бүгдээрээ одноос үүссэн гэсэн үг…


Бид ийм уудам, бүх зүйл нь хоорондоо хэлхээ, холбоотой байдаг ертөнцөд амьдардаг юм чинь нэг нэгэндээ гомдож, үзэн ядаж, нэгнээ хэмлэж, эгогоо тэжээж, гоцгойрох гэж улайраад яах вэ дээ ер нь. Өнөөдөр намайг уурлуулж байгаа хэн нэгэн магадгүй өөр нэгний аз жаргалыг, аяга тагш будааг бүтээж яваа ч юм билүү… Эцсийн эцэст бид бүгд ирсэн шигээ алга болно. Энүүхэн хооронд аятайхан л амьдарцгаах юмсан даа... гэсэн шүү юм л бодогсоон энэ хэсгийг уншаад 😊 Тэгэхээр хэрвээ та гуниглах гээд байвал аяга будааны ард дэлхий ертөнц байгааг санаарай 🥰


https://medium.com/@tsegi_n/%D1%85%D1%8D%D1%80%D0%B2%D1%8D%D1%8D-%D1%82%D0%B0-%D0%B3%D1%83%D0%BD%D0%B8%D0%B3%D0%BB%D0%B0%D0%B2%D0%B0%D0%BB-%D0%B3%D1%8D%D1%85%D0%B4%D1%8D%D1%8D-%D0%B6%D0%B0%D0%B0%D1%85%D0%B0%D0%B0%D0%BD-%D0%BB-%D1%83%D1%80%D1%82-%D1%88%D2%AF%D2%AF-%D0%BA%D0%BA%D0%BA-f960f52e63da



Comments


bottom of page